Нүүр хуудас »
2013 » Хоёрдугаар сар » 4 » Батаар дахин хулгайд алдагдлаа.
2:20 PM Батаар дахин хулгайд алдагдлаа. |
Монголын хилээр хууль бусаар гаргаж, АНУ-д дуудлага худалдаанд зарагдсан
аварга Тираннозавр батаарын араг ясыг Монголд буцаан авчирч, Лениний
музейд залах гэж буй тухай яригдаж байсан билээ. Гэвч Монголын говиос
олдсон 70 сая жилийн настай аварга үлэг гүрвэлийн сураг дахин тасарчээ.
Английн
IBTimes.co.uk сайтад "Хулгайлагдсан гэх Тираннозавр батаарын араг ясыг
Их Британид аваачсан байж болзошгүй гэсэн мэдээллийн мөрөөр Шотланд
ярдын цагдаагийн газар эрэн хайх ажиллагаа явуулж байгаа” тухай
мэдээлжээ. Тус сайтад бичсэнээр Монголын Засгийн газар тарбозаврын
төрлүүд дундаа маш ховорт тооцогддог батаарын эртний олдворыг эрж олоход
туслахыг Их Британийн цагдаагийн газраас хүсчээ. Тираннозавр батаарын
араг яс хар захын ханшаар ойролцоогоор 700,000 фунт стирлингийн үнэтэй
гэж дээрх сайтад бичсэн байна.
Тираннозавр батаарын гарал
үүсэлтэй холбоотой маргаантай шүүх хурал өнгөрсөн арванхоёрдугаар сард
АНУ-д болж, олдворыг хулгайлж, Монгол Улсын хууль, дүрмийг зөрчин хууль
бусаар хил гаргасан эртний олдворын наймаачин Эрик Прокопи гэгч хэргээ
хүлээсэн билээ.
Гэвч дээрх маргаантай шүүх хурлын үеэр эртний
олдвор, үлэг гүрвэлийн араг яс хулгайлагджээ. Тираннозавр батаарын
бүтэн шахуу ховор олдворыг өнгөрсөн тавдугаар сард Нью-Йоркт дуудлагаар
худалдахад гарал үүслийг нь тогтоох хүртэл эзэмшигчид өгөхгүй байхаар
АНУ-ын гааль дээрээс хураагдсан түүх соёлын үнэт зүйлийг түр хадгалах
газар хураан авсан билээ.
Их Британийн цагдаагийн газарт дээрх
хэрэг дээр хамтарч ажиллах хүсэлтийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд
Ц.Оюунгэрэл гаргажээ. Тэрээр "Их Британийн цагдаагийн газар эртний
олдворууд, үлэг гүрвэлийн чулуужсан ясыг хууль бусаар хил гаргах,
худалдаалахыг зогсоох энэ чухал хэрэгт хамтарч ажиллана гэдэгт найдаж
байна” гэжээ.
Үлэг гүрвэлийн наймаачин Эрик Прокопи гэгч шүүх
хурлын үеэр Монгол, Хятадын хилээр эртний олдвор, үлэг гүрвэлийн
чулуужсан яс, өндөг хууль бусаар хил давуулж, дуудлага худалдаанд оруулж
байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг.
Дээрх хэргийн төлөө Эрик
Прокопид 17 жил шоронд хорих ял, 160,000 фунт стирлингийн торгууль
ноогдуулах ял төлөвлөж байгаа бөгөөд шүүх хурал нь ирэх дөрөвдүгээр сард
болох юм.
АНУ-ын хууль сахиулагчид хууль бусаар хил давуулсан үлэг гүрвэлийн таван олдворыг илрүүлээд байгаа аж.
Харин зургаа дахь буюу хамгийн их маргаан дэгдээсэн тираннозавр батаарын араг яс дахин алга болсон тухай ялын тогтоолд бичжээ.
Одоогоор
12 метр өндөр, 64 шүдтэй үлэг гүрвэлийн олдворыг Их Британи руу
гаргасан гэх таамаг л байгаа байгаа бөгөөд тус улсын цагдаа нар эртний
олдворын наймаачдыг байцаахаар төлөвлөж байгаа юм байна.
|
Админы урмыг мялаана уу ^^
|