Нүүр хуудас »
2012 » Арваннэгдүгээр сар » 17 » Дэлхийн шилдэг 30 өгүүллэг
9:39 PM Дэлхийн шилдэг 30 өгүүллэг |
Та бүхэндээ Дэлхийн шилдэг 30 зохиолуудаас толилуулж байна.мөн эдгээр зохиолуудаа дугаар дугаараар нийтлэн та бүхэнд маш сонирхолтой байх болно гэдэгт итгэлтэй байна.
И.С. ТУРГЕНЕВ
АНХНЫ ДУРЛАЛ
П.В. АННЕКОВТ ӨРГӨН БАРИВ
Зочид хэдийнээ таржээ. Цаг арван хоёр хагас цохив. Тасалгаанд гэрийн эзнээс гадна Сергей Николаевич, Владимир Петрович л хоцорсон байв.
Гэрийн эзэн хонх цохиод хоолны үлдэгдлийг хураахыг тушаав. Тэгээд тэрээр
- За ингээд шийдэх шив дээ гээд түшлэгтэй сандалдаа лавхан сууж, сигари1 соронгоо, -Хүн бүр анхныхаа дурлалын тухай паянг ярих ётсой боллоо шүү. Одоо таны ээлж, Сергей Николаевич аа гэв.
Булцгар цагаан царайт, махлагдуу Сергей Николаевич гэрийн эзэн рүү харснаа дараа нь адар өөд ширтэв.
- Надад анхны дурлал гэж байгаагүй. Шууд хоёр дахиас нь эхэлсэн юм гэж эцэст нь хэлэв.
- Яагаад тийм байдаг билээ?
- Их амархан. Анх удаагаа нэлээд аятайхан нэгэн охины хойноос хэсэгхэн зуур давхиад үзэхдээ би арван наймтай байлаа. Гэхдээ түүний хойноос тийнхүү давхиж явахдаа энэ маань чухам саяхны шинэхэн зүйл биш мэт байдал гарган түүнээс хожим нь ч бусад бүсгүйн хойноос эргүүлж явахдаа яг тийм байдаг байв. Үнэнийг хэлэхэд анхны бөгөөд эцсийнхээ удаа би зургаан настайдаа асрагч эмэгтэйдээ дурласан юм. Гэтэл энэ маань бүр дээр үеийн
1 Ороосон навчин тамхи (Ред)
удаж байгаа хэрэг шүү дээ. Тэр үеийн тухай тодорхой санах юмгүй болж мартагджээ. Саналаа ч гэсэн энэ маань хэнд сонирхолтой байх билээ дээ?
Тэгээд одоо яах вэ? гэж гэрийн эзэн хэлснээ –Миний анхны дурлалд ч сонирхмоор зүйл бас л бага даа. Одоогийн гэргий Анна Ивановнатай танилцахаасаа өмнө би хэнд ч байсангүй. Бидний хэрэг тун урагштай бүтсэн юм. Эцгүүд маань зуучлан ураг бололцоод бид хоёр ч гэсэн дорхиноо бие биедээ хайр сэтгэлтэй болж төдөлгүй гэрлэсэн юм. Миний ярих юм хоёрхон үгэнд л багтана. Эрхмүүд минь, үнэнийг хэлэхэд анхны дурлалын тухай асуудал хөндөхдөө, настай гэхгүй ч гэсэн мөн залууд нь орохгүй гэрлээгүй та бүхэнд найдсан юм. Ингэхэд Владимир Петрович, та харин биднийг баясуулах юм биш биз дээ? гэв.
- Үнэндээ миний анхны дурлал ерийн гэмээргүй явдалд орж болох л юм гэж буурал сууж яваа хар үстэй дөч эргэм насны Владимир Петрович бага зэрэг түгдрэн хариулав.
Өө! Харин бүр сайн… та яриач гэж гэрийн эзэн Сергей Николаевич хоёр нэгэн зэрэг дуу алдав.
- За тэгье.. эсвэл больдогч юм уу даа. Ярихаа болъё. Би ярьж хөөрөхдөө чадамгай биш. Яриа маань ойлгомжгүй товчхон эсвэл хэт нуршсан гоомой болоод байдаг юмаа. Харин та нар зөвшөөрвөл санаснаа би бүгдийг дэвтэрт бичээд уншиж өгье.
Найзууд эхэндээ зөвшөөрөхгүй байсан боловч Владимир Петрович өөрийнхөөрөө болгов. Хоёр долоо хоногийн дараа тэд дахин уулзаж, Владимир, Петрович хэлснээ биелүүллээ. Дэвтэртээ доорхи зүйлийг бичжээ.
Хүндэтгэсэн :
...:::Cool-Mgl.ucoz.net:::...
...:::Uugii:::...
|
Админы урмыг мялаана уу ^^
|