Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
хамгийн их бохирдолтой долоон голыг нэрлэсэн байна. Манай Туул гол уг
жагсаалтын тавдугаарт бичигджээ.
Судалгаанд "Туул гол нь Монголын
нийслэл Улаанбаатар хотынхныг ундаалдаг ундны усны гол эх үүсвэр. Гэтэл
сүүлийн жилүүдэд энэ гол эрс бохирдож, ширгэх аюул тулгараад буй. Хорт
бодис, хог хаягдал, арьс ширний үйлдвэрүүдийн бохир усыг уг гол руу
шууд нийлүүлдэг. Голын дагуух бургас, модод нь устаж үгүй болсон.
Улаанбаатар хотын хөрс 90 гаруй хувийн бохирдолтой байгаа нь Туул голыг
бохирдож, ширгэхэд нөлөөлж буй нэг хүчин зүйл болоод байна. Энэ голын
загас жараахай ихээр үхэж үрэгдэж байгаа бөгөөд сав дагуух нутгуудад
бохирдсон голын усны нөлөөгөөр шинэ зүйлийн хорт ургамал хүртэл ургах
болжээ" гэж дурдсан байна. Мөн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын
усны бохирдол дээд цэгтээ хүрснийг тэмдэглэжээ.
Улсын маань нийслэл Улаанбаатар хот
дундуур мяралзан урсч, олон сайхан дуунд мөнхөрсөн Туул гол маань өнөө
бидний цагт ийн дэлхийд хамгийн бохир, хортой устай голын нэг гэгдэх
боллоо. Өмнө нь энэ голын бохирдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр
бишгүйдээ л бичиж, сайн санааны байгууллага, оюутан залуус хавь орчных
нь хогноос нь салгах ажлыг олонтаа л хийсэн. Холбогдох газрууд нь
Германаас хэдэн минж авчирсан болоод л өөр олигтой зүйлийг хийхгүй
байсаар улаанбаатарчууд бохир, хортой усаар ундаалж байгаагаа дэлхийд
зарлачихлаа. Үүний цаана улс эх орны нэр хүндийн асуудал хөндөгдөж,
аялал жуулчлалаас олох орлогод ч сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй юм.
ДЭМБ-аас гаргасан энэхүү жагсаалтад
орсон бохир голууд бол гол биш хог хаягдал, химийн бодисоор дүүрсэн
бохирын цооног мэтийн л юмнууд байгаа юм. Ийм голуудын жагсаалтад Туул
голоо оруулчихсан нь нэн харамсалтай.
ЧИТАРУМ ГОЛ
Индонезийн Читарум гол дэлхийн хамгийн
бохир голоор нэрлэгджээ. 300 км урт Читарум голын бохирдол 1990-ээд
оноос эхэлсэн бөгөөд тус улсын засаг захиргаанаас хог хаягдлаас нь
салгах кампанит ажлыг байнга явуулдаг ч иргэд нь хог хаягдлаа гол руугаа
шууд хийчихдэг гэнэ. Энэ голыг цэвэрлэх зорилгоор Азийн хөгжлийн банк,
Дэлхийн банкнаас зээл тусламж, хандивыг тогтмол өгдөг ч ямар ч үр
дүнгүй өнгөрсөөр байгаа аж. Читарум голын араас бохирдлын
хэмжээгээрээ Австралийн Кинг гол оржээ. Энэ гол 400 гаруй км урт. Уул
уурхайгаас болж энэ голоор химийн хорт бодис урсдаг юм байна.
Жагсаалтын гуравдугаарт үйлдвэрийн хог хаягдлаар дүүрч, бүрмөсөн хатаж ширгэх аюулд хүрсэн Италийн Сарно гол нэрлэгджээ.
АНУ-ын Миссиссиппи гол бохирдлоороо
дэлхийн дөрөвт ороод байна. Миннесота мужийн Итаска нуураас эх аван
урсч, Мексикийн буланд цутгадаг энэхүү мөрөн нь 3779 км урттай. Уртаараа
Миссури мөрний дараа ордог. Гэтэл жил бүр 1.5 сая шоо метр азотын
бохирдол Мексикийн хоолойгоор орж ирдгээс мөрний усны ихэнх нь
бохирджээ.
Тавдугаарт манай Туул гол орсон бол
зургадугаарт Энэтхэгийн Ганга мөрөн "жагсчээ". Ганга мөрний бохирдлыг
дуулаагүй, сонсоогүй хүн энэ дэлхийд үгүй байх. Хиндичүүд энэ мөрний
усан дунд бүхий л амьдралаа өнгөрүүлдэг гэхэд хилсдэхгүй. Ариун Ганга
хэмээн домогт өгүүлэгддэг байсан Ганга эдүгээ хорт бодисоор дүүрч,
урсацгүй болсноос өмхийрч, ганц ч загас жараахайгүй болоод байгаа юм.
СОНХУА ГОЛ
2005 оны арваннэгдүгээр сарын 3-нд
Хятадын Жилиний химийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болсны улмаас Сонхуа
голд химийн хорт бодис, их хэмжээний шатахуун асгарсан. Ослын хор
хохирлыг одоог хүртэл арилгаагүй. Энэ орчмын газрын хөрс, голны ус одоо ч
хортой хэвээр байгаа юм. Ийм болохоор дэлхийн хамгийн бохирдолтой
долоон голын нэг болоод байна.
...:::Cool-Mgl.ucoz.net:::...