Үйлийн үр (Карма) гэж юу вэ?
Та бүхэндээ Кармагын талаархи сонин хачин мэдээлэл оруулж байна.
Карма гэдэг нэгэн гайхалтай үг. Хүн төрөлхтний соёл иргэншлийг дагалдан бий болж олон үндэстэн ястны хэлээр бичигдэж яригдсаар олон зуун мянган жил болж байгаа бололтой. Энэ үг хүн ба эрүүл мэндэд гарцаагүй хэрэгтэй болно хэмээн үздэг болохоор дурдах ёстой гэж үзлээ. Кармаг бас казуаль гэдэг, махчилан буулгавал үйлийн үр гэсэн үг. "Үйлийн үр” гэдэг нь хүний үйлдлийн хэмжүүр,казуалийн бүтэц бололтой. Төрлөөс төрөлд дамжин бие, хэл, сэтгэлээр үйлдэн байгаа сайн муу үйлийг тээж явдаг хий биет буюу нарийн торгон биет гэж ойлгож болно. Тодруулан ойлголт өгөхийн тулд хүний нарийн торгон биеийг авч үзье. Хүн бүрт дэлхий ертөнцтэй танилцах үндсэн таван мэдрэхүйн эрхтэн нүд,чих, хамар, хэл, арьс байхаас гадна зургаа дахь торгон мэдрэмж гэж байдаг. Ихэнх хүмүүс энэ торгон мэдрэмжээ нээж ашиглаж чаддаггүй болохоор зөвхөн үр хөврөлийн байдалд оршиж байдаг. оюуны өндөр хэмжээнд хүрсэн цөөн тооны гэгээнтэн, хувилгаад, ид шидтэн, далдыг харагч зөн билигтэн зэрэг хүмүүс 6 дахь мэдрэмжээ ашиглаж чаддаг нь ердийн таван мэдрэмждээ хязгаарлагдсан хүмүүст гайхалтай юм шиг санагддаг. Зургаа дахь мэдрэмжээ ашигладаг хүмүүсийн үзэж байгаагаар хүний бодит биеийн гадуур бас зургаан давхар бие байдаг гэжээ. Үүний тухай шашин гүн ухаан, дорно дахины эртний гүн ухаан иог, зурхайн ухаанд хүртэл дурдсаар иржээ.
Тодруулвал:Бодит бие : Ил бие, бодит бие, бодьгал бие, бодист бие гэж нэрлэж болно. Бидний нүдэнд үзэгдэж гарт баригддаг хүний бодит биеийг физик бие болно.
Эфирэн бие : энэ биеийг хий бие, цахилгаан соронзон бие гэж нэрлэдэг. Физик биеэс 1,5 – 4 см илүү гарсан байдлаар орших өнгөгүй манан адил сиймхий биет болох ба яг физик биеийг ихэр юм шиг бүрхэж байдаг. Энэ бие нь соронзон оронтой хүнийг холбох чухал ач холбогдолтой юм. Эфирэн бие хүн нас барсны дараа гурав дахь хоногт задран арилдаг.
Астрал бие : энэ биеийг сэтгэлийн бие гэж хэлдэг. Эфирэн биеэс илүү нарийн бүтэцтэй. Сэтгэл мэдрэл, хөдөлгөөний энергийг хангах зүй тогтолцоо болж байдаг бодлын бие, хүслийн бие гэж нэрлэх тал бий. Физик бие болон эфирэн биетэй нэвтрэн сүлэлдсэн гялалзам солонгон өнгөтэй бие юм. Уур бухимдал, бүтэлгүйтэл, зовнилын үед өнгө нь арилж үүл манантай бүрхэг өдөр адил бүүдийж байдаг. Сэтгэлийн хүчийг эзэмшсэн, оюуны өндөр түвшинд хүрсэн хүний астрал бие улам хөгжиж голцуу толгой, дээд биеэр хэдэн давхар солонгон цагираг татаж зарим хүнийх хэдэн арван метр хол цацардаг байна. Үүний жишээг бурхадын хөрөг зургаас харж болно. Астрал бие нь бодол хүслийг тээгч болохоор хүн унтсан үед зүүд зэрэглээний хэлбэрээр өнгөрсөн ба ирээдүйн ертөнцөөр чөлөөтэй аялаж байдаг бөгөөд хүн нойрноос сэрмэгц гэрлийн буюу бодлын хурдаар физик биедээ буцан ирдэг юм. Хүн нас барсны дараа 49 хоногт аажмаар задран алга болдог.
Ментал бие: Энэ биеийг оюуны бие гэж гэрлэнэ. Хүний 3 дахь торгон бие бөгөөд бодол оюун санааны энергээр бүтдэг тул оюуны бие гэж нэрлэдэг. Цагаан шаргал гэрэлтэй мөр толгой орчмоос цацардаг. оюун санааны хөгжлийг дагалдан тэлдэг. Физик биеэс 20 - 25 см зайд оршдог. Энэ бие нь хүний төсөөлөл, санаануудаас тогтсон тодорхой бүтэцтэй, санаа бодол, хүсэл мөрөөдөл үүсэхийн үндэс суурь ба эрч хүч зориг төгөлдөр эсвэл буурай үед энэ торгон биеттэй холбоотой, хүн нас барснаас хойш 81 хоногт задран алга болдог.
Үйлийн үрийн бие: / Карма / хүний сайн муу үйл бүхнийг шингээн багтаасан биеийг кармын бие, казуаль бие гэж нэрлэдэг. Энэ нь хүний дөрөв дэх торгон бие болох ба шалтгаан буюу үйлийн үрийн бие болно. Тус бие нь хүний үхэшгүй мөнхийн хэсэгт багтаж төрөл арилжих бүрт сүнсэн биеийн хамт дараагийн төрөлд дамждаг юм. Кармын бие нь хүний өнгөрсөн, одоо, ирээдүйд хийгдэх бүх үйл хэргийг сайн муу, их бага гэлтгүй нэг бүрчлэн бичдэг гайхалтай чанарыг хадгалсан байдаг бөгөөд үлгэрлэвээс орчин үеийн дуу шингээх машин, видео бичигч, камер, зургийн аппарат л гэсэн үг. Хувь хүний мэдээллийг хадгалсан хамгийн дээд бүрэн компьютер мэдээллийн төв гэж төсөөлж болно. Физик биеэс 30 – 40 см орших, цайвар шаргал өнгөөр гололсон олон хэмжээст хэт торгон энергээс бүрэлдэж байдаг. Үйлийн үрийн биед мөнхийн хадгалагдсан санаатай буюу санамсаргүй үйлдсэн үйлийн үр бүхэн ямар нэг гаднын хүчин зүйл буюу аз тохиолоор арчигдан арилна гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн муу үйлийн тоо хэд хүрсэн байна, түүнээс давсан сайн үйлийг биечлэн үйлдсэнээр сайн муу үйлийн тоог тэнцүүлэх, улмаар сайн үйлийн тоог давуулснаар цаашдын амьдралын зам зөөлрөх, буян ихсэж нүгэл багасах цорын ганц зам байдаг. ёстой л нөгөө дуунд гардаг "Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин " гэдэгтэй дүйж очно. Хүн төрөлхтний сонгож авсан үйлийн үрээ багасгах хамгийн дөт зам бол өөрийн үнэмшил бясалгалаар бие сэтгэлээ ариусган бусдын төлөө туслаж нигүүлсэнгүй сэтгэлээр амьдрах явдал юм. Ямар ч нарийн биеийг хөгжүүлж болдог бөгөөд өндөр хөгжсөн казуаль бие нь үндсэн таван мэдрэмжээс хол давж ойрын ба холын зайнаас хүн амьтанд шууд нөлөөлөх, эд юмсыг хөдөлгөх, хатуу зөөлөн зүйлсийг нэвтрэх, алсын зайнаас харах, хий хөөрөх зэрэг үйлдлийг саадгүй хийж чаддаг. Хүнийг нас эцэслэхэд үйлийн үрийн бие устаж алга болдоггүй, сүнсэн зэрэг дээд торгон биеийн хамт дараагийн төрөлд шилждэг. Хүн бол сэтгэлээрээ амьтан учраас янз бүрээр бясалган залбирдаг билээ. Тэр бүхний дундаас манай нэг багшийн залбирал надад гайхалтай санагддаг. Тэрээр "хийсэн үйлийн минь буян нь үлэмж, хор нүгэл нь бага байгаасай ” гэх юм билээ.
Сүнсэн бие: Атомын буюу кетер бие гэж хэлдэг. Физик биеэс 100 см орчим зайд оршино. Бусад нариийн биеийн үйлийг нэгтгэн агуулсан алтан шаргал өнгөлөг биет болно. Зарим зохиолд бичсэнээр энэхүү сүнсэн бие нь хүний хүзүү шил орчмоос нарийн мөнгөлөг утсаар холбоотой байдаг бөгөөд нас барсны дараа аажмаар тасарч сансар буюу өөр ертөнцөд шилжин байршиж кармын буюу үйлийн үрээс шалтгаалж дахин төрөл олох, эс олох, буян нүглийг ялгартал орчлонгоор дэмий тэнэх, зовлонг туулдаг хэмээн номолсон байдаг. Будхи карма зэрэг бусад торгон биетэй хамтаар торгон ертөнцийн аль нэг давхаргад шилжин байршиж дараачийн төрлийг хүлээдэг. Дорнын гүн ухаанд бие, хэл, сэтгэлийн бүрдлийг хүн гэдэг бол анагаахын шинжлэх ухаанд эс, эд, эрхтэн системийн бүрдлийг хүний бие гэж үздэг. Харин шинжлэх ухаанд буюу шинэ зуунд хүлээн зөвшөөрөх эсвэл хөгжүүлэн судлах хандлагатай болж ирсэн үндсэн таван мэдрэмжээс хальж зургаа дахь далд ухамсрын мэдрэмжээр харж болох дагалт буюу торгон биеүд, сүнс судлал, төрөл арилжих, дараагийн төрөл гэх олон нуугдмал зүйлс ил болж хүн төрөлхтний ойлголт танилт шинэ шатанд гарахаар эрчтэй хөгжиж байгааг хүмүүс мэдэх шаардлага гарч байна. Эдгээр судлал дэлхийн түвшинд хөгжиж зөвхөн сүнс ямар хэлбэр дүрстэй байгааг мэдээлсэн байдаг. Хэлбэрийн хувьд хэвлий дэх хөврөлтэй адил том толгойтой, мөч нь бага, 3-6 гр жинтэй үл үзэгдэх амийг агуулсан сиймхий хий биет яг хүний дүрсийг хуулсан байдаг гэж эрдэмтэд тогтоосон байдаг.