АНУ-ын түүхэнд хамгийн их хохирол учруулсан аймшигт "Катрина” хар
салхинаас болж, 2005 онд тус улсад 1800 хүн амь үрэгдэж, 108 сая
ам.долларын хохирол амсаж байсан билээ. Тухайн үед АНУ хар салхинд
хангалттай сайн урьдчилан сэргийлээгүйн улмаас ийм их хэмжээний хохирол
амссан гэж үздэг бөгөөд тус улс үүнээс томоохон сургамж авч "Сэнди” хар
салхинд бэлтгэлтэй байсан ч багагүй хэмжээний хохирол амсчээ.
"Сэнди”
хар салхи АНУ-д 145 км/цагийн хурдтайгаар 4.2 метрийн өндөрт хүрч
шуурсан бөгөөд 1960 онд дэгдсэн Донна хар салхинаас даруй 1.2 метрээр
өндөр байжээ. "Сэнди” хар салхинд АНУ-ын хүн ам шигүү суурьшсан
Нью-Йорк, Массачусеттс, Мэрилэнд, Коннектикут, Нью-Жерси, Баруун
Виржини, Пеннсилвани, Виржини, Охайо, Теннеси, Кентаки, Хойд Каролина
зэрэг мужууд өртсөн бөгөөд тус мужуудаас олон зуун мянган хүмүүсийг
нүүлгэн шилжүүлж, үзвэр үйлчилгээ, бизнесийн байгууллага, цэцэрлэг
сургууль, засаг захиргааны нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоон, хөл хорио
тогтоож, зам гүүрүүдийг хааж, галт тэрэг, метро, онгоцны хуваариудыг
цуцалжээ. Тус хар салхи Ямайкт өнгөрсөн долоо хонгоос эхлэн дэгдэж,
Карибийн тэнгисийн орнуудад 60 гаруй хүний аминд хүрч, хөрсний нуралт,
үерийн гамшиг дагуулж, байшин барилга, зам гүүрүүдийг эвдлэн, гэрэл
цахилгааныг тасалсан билээ. Хэдийгээр АНУ хар салхинд бэлтгэн гамшгийн
бүсээс оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байсан ч одоогийн байдлаар хар
салхинаас болж амь үрэгдсэн хүмүүсийн тоо 40-д хүрээд байгаа бөгөөд энэ
тоо цаашид улам нэмэгдэх хандлагатай байна.
Мөн гэрэл цахилгаан
тасарсанаас Америк даяар найман сая иргэнийг харанхуй нөмөрч, цэцэрлэг
сургууль, урлаг соёл, бизнесийн албан байгууллага болоод зам, тээврийн
үйл ажиллагаанууд зогсоод байсан юм. "Сэнди” хар салхины нөлөөгөөр
Аппалачийн нуруудаар их хэмжээний цас орсон бол Америкийн далайн эргийн
хотуудаар хар салхины улмаас далайн давалгаа 2.25 метрийн өндөрт хүрч,
төмөр зам, метро автомашины зам, гэрэл цахилгааны шонг эвдлэн, байшин
барилга, мод бут, автомашиныг урсган сүйтгэжээ. Америкийн эрчим хүчний
газраас өнөөдөр мэдээлсэнээр эвдэрсэн гэрэл цахилгааныг сэргээн
засварлахад дор хаяж гурваас дөрвөн өдөр шаардагдах гэнэ.
Түүнчлэн
хар салхинаас болж Америкийн томоохон хотуудын метро үерт автаж, 108
жилийн түүхэндээ анх удаа хамгийн их хохирол амсаад байгаа бол үерээс
болж хот хоорондын галт тэрэгний үйл ажиллагаа ч зогсчээ. Цаашлаад
АНУ-д хар салхины гамшгаас олон сая хүн орон гэрээ алдаж, орох оронгүй
болсон байна. "Сэнди” хар салхи АНУ-д эд материалын асар их хохирол
учруулаад зогсохгүй, иргэдийн сэтгэл санаанд ч хүчтэйгээр нөлөөлж,
удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд ч нөлөөлөх магадлалтай
байгаа гэнэ. Зарим ажиглагчид энэхүү хар салхи нь Ерөнхийлөгч Барак
Обамагийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө гарсан томоохон сорил
хэмээж байгаа юм байна. Одоогоор хар салхинаас болж АНУ-ын даатгалын
компаниуд 15 тэрбум ам.доллар, нисэх буудлууд 175 сая ам.долларын
хохирол амсаад буй бөгөөд нийт хохирол 30-аас 40 тэрбум ам.доллараар
хэмжигдэж байгаа аж.
"Сэнди” хар салхинд өртсөн АНУ-ын томоохон
хот Нью-Йоркод 18 хүн амь үрэгдээд байгаа ба хот даяар зам, гүүрүүд
хаагдан, онгоцны буудлууд усанд автсанаас 15 мянга гаруй онгоцны нислэг
цуцлагдаж, 80 гаруй айл өрх усанд автжээ. Мөн Нью-Йоркийн эмнэлгээс 200
орчим өвчнийг нүүлгэн шилжүүлж аюулгүй газар хүргэсэн байна. Түүнчлэн
Бризи-Пойнтод хар салхинаар гэрлийн шон унаснаас гал түймэр дэгдэж,
үүнийг унтраахын тулд 200 орчим гал сөнөөгчид ажилласан байна. Энэхүү
түймрийг унтраах үеэр гурван гал сөнөөгч гэмтэж, түймэрт 80 өрхийн
байшин шатжээ. Харин АНУ-ын хамгийн шигүү хүн амь суурьшсан Манхэттен
хотод хар салхи 4.2 метрийн өндөрт хүрч шуурсанаас олон барилга байшин
эвдрэн сүйдэж, хотын гэрэл цахилгаан тасарсан байна. Мэрилэнд мужийн
Гарреттэд хар салхины улмаас хотын дөрөвний гурав буюу 23 мянга орчим
айл өрхүүд гэрл цахилгаангүй болж, их хэмжээний нойтон цас орсоны улмаас
хотын замууд мөстжээ.
Мөн Охайо мужид олон мянган онгоцны
нислэг цуцлагдахын зэрэгцээ гар утасны сүлжээ тасраад байгаа аж. Харин
Баруун Виржини мужид хар салхины улмаас нэг метр орчим зузаан цас орсон
байна. "Сэнди” хар салхины улмаас өнгөрсөн хэдэн өдрийн турш хаагдаад
байсан сургууль цэцэрлэг, албан байгууллага, бизнес, соёл, Засгийн
газрын байгууллагууд өнөөдрөөс эхлэн хэвийн үйл ажиллагаандаа орж,
гамшгийн хохирол, эвдрэл сүйрлийг засч сэлбэх ажилд оржээ. "Сэнди” хар
салхи цаашлаад Канад улсыг чилэн улам эрчтэйгээр шуурсаар байна.
АНУ-н түүхэнд хамгийн их хохирол дагуулсан хар салхинуудыг дурьдвал:
- Катрина 2005 онд хар салхи 108 тэрбум ам.долларын хохирол
- Икэ 2008 онд хар салхи 29.5 тэрбум ам.долларын хохирол
- Эндрю 1992 онд хар салхи 26.5 тэрбум ам.долларын хохирол
- Вилма 2005 онд хар салхи 21 тэрбум ам.долларын хохирол
- Иван 2004 онд хар салхи 18.8 тэрбум ам.долларын хохирол
- Чарли 2004 онд хар салхи 15.1 тэрбум ам.долларын хохирол
- Рита 2005 онд хар салхи 12 тэрбум ам.долларын хохирол
- Франсес 2004 онд хар салхи 9.5 тэрбум ам.долларын хохирол
- Элиссон 2001 онд хар салхи 9 тэрбум ам.долларын хохирол
- Жийне 2004 онд хар салхи 7.7 тэрбум ам.долларын хохирол
Эх сурвалж : News.mn
|