ӨНӨӨДРӨӨС НЭР ДЭВШҮҮЛНЭ
Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг тодруулах
хуулийн хугацаа өнөөдрөөс эхэлж байна. Монголчууд 1993 онд анхны
Ерөнхийлөгчөө сонгож байсан бол энэ жил Төрийн тэргүүнээ сонгох тав
дахь удаагийн сонгууль болно. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат, хоёр дахь нь
Н.Багабанди, гурав дахь нь Н.Энхбаяр. Дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа билээ. Харин тав дахь Ерөнхийлөгчид нэр
дэвших сонирхолтой болон олон нийт хүлээн зөвшөөрч буй, намууд нь
дэвшүүлэхээр төлөвлөсөн, тохирсон нэлээд хэдэн эрхэм бий.
2005 ОН: ДӨРВӨН ӨРСӨЛДӨГЧТЭЙ СОНГУУЛЬ
2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд
дөрвөн хүн өрсөлдөж байжээ. МАХН-аас Н.Энхбаяр, Ардчилсан намаас
М.Энхсайхан, "Эх орон” намаас Б.Эрдэнэбат, Бүгд найрамдах намаас
Б.Жаргалсайхан нар өрсөлдөж байв. Тухайн жилийн сонгуулийн гол
өрсөлдөөн Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын дунд болсон юм. Сонгуулийн
урьдчилсан таамаг ийм байсан ч МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд санал
өгсөн нийт сонгогчийн 65 хувийн санал авч үнэмлэхүй ялалт
байгуулснаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон
юм.Энэ удаагийн сонгууль хамгийн олон өрсөлдөгчтэй байв.
2009 ОН: АН-ЫН ЗУРГАА
Энэ удаагийн сонгуульд хамгийн олон нэр
дэвшигч сойсон нам бол АН. Нийт зургаан хүн нам дотроо өрсөлдөж байлаа.
Ц.Элбэгдорж нэгээр дэвшив. Тухайн үед парламентын гишүүн байсан
Л.Гүндалай өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн. Ард түмний дунд түүний рейтинг
өндөр байв. Мөн Р.Гончигдорж, З.Энхболд, Э.Бат-Үүл, Х.Баттулга нар
өрсөлдөж байв. Эцэст нь Ц.Элбэгдорж Үндэсний зөвлөлдөх хорооны
гишүүдийн олонхийн саналыг авч, нам дотроо өрсөлдсөн бусад нь түүнийг
дэмжихээр болсон юм. С.Оюун, Д.Энхбат тэргүүтэй ИЗНН-ынхан
Ардчилсан намтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж сонгуульд
хамтран оролцлоо. Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж олонхийн
санал авч Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч болсон юм.
2009 ОН: МАН-ААС ГАНЦ
Тухайн үед МАХН нэртэй байсан одоогийн
МАН 2009 онд Ерөнхийлөгчид нэр дэвших эрхэм олон байгаагүй. Тухайн үед
Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаярыг дахин нэр дэвшүүлэхээр Бага
хурлаас шийдвэрлэв. Түүнтэй өрсөлдөх, өрсөлдүүлэх кандидат нам дотроос
нь гарсангүй. Ганцхан Н.Энхбаярыг Бага хурлын гишүүд 100 хувийн
саналаар дэмжив. Тэрээр хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчид нэр дэвшсэн ч
олонхийн санал авч чадсангүй ялагдсанаар нэгэн бүрэн эрхийн хугацаа нь
дуусгавар болсон юм. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль хоёрхон
өрсөлдөгчтэй байв.
2013 ОН: МАХН-ААС ДӨРӨВ
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд
олон хүн өрсөлдөх урьдчилсан таамаг бий. Намууд ч хамтарч оролцох
талаар тохирсон зүйл одоогоор алга. УИХ-д суудалтай улс төрийн намууд
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх боломжтой. Иймд эрх баригч
Ардчилсан намаас гадна тэдэнтэй хамт Засгийн газарт ажиллаж буй МАХН,
МҮАН, ИЗНН, сөрөг хүчин МАН нэр дэвшүүлэх боломжтой юм. Өнөөдрийн дүр
зургийг харвал МАХН-ыг "Шударга ёс” эвсэлд багтаж буй МҮАН-ынхан
дэмжиж оролцох болов уу. Харин ИЗНН-ын дарга С.Оюун нэр дэвшиж
магадгүй байгаа. Тус намын өнгөрсөн сард болсон Үндсэний хорооны
хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд дангаар оролцох саналыг олон гишүүн
гаргасан юм. Хэрэв дангаар оролцохгүй бол УИХ-д суудалтай аль нэг
намыг дэмжиж оролцоно. Тус нам Үндэсний хорооныхоо хурлаар
Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох эсэхээ шийднэ. Одоогоор тэд
хурлаа товлоогүй байна.
Харин энэ удаад нэр дэвших боломжтой
хүмүүсээ хамгийн түрүүнд албан ёсоор зарласан нам бол МАХН. Тэд
зургаан хүн өрсөлдүүлэх боломжтой гэснээс УИХ-ын дэд дарга Л.Цог, Шадар
сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал
нар тунаад байна. Тэд дотооддоо ийм хүмүүсийг өрсөлдүүлэх боловч хэн
нэгнийгээ дэмжиж гаргах нь тодорхой. Намын дарга Н.Энхбаярын хувьд энэ
удаагийн сонгуульд оролцох боломжгүй байгаа юм.
МАН, АН Ч ОЛОН НЭР ДЭВШИГЧТЭЙ
МАН-ын тухайд Бага хурлаа маргааш хийж
нэр дэвшигчээ зарлана. Мөн л олон хүний нэр явж байгаа. Түүхэнд анх удаа
эмэгтэй нэр дэвшигчийн рейтинг өндөр байгааг мэдээлж буй. УИХ-ын гишүүн
Д.Оюунхорол, намын дарга Ө.Энхтүвшин, намын дарга асан М.Энхболд,
Б.Бат-Эрдэнийг судалгаанд оролцуулсан. Мөн УИХ-ын гишүүн Н.Энхболд,
Д.Лүндээжацангийн нэр ч дуулдах болсон. Аль нь ч өндөр магадлалтай
улстөрч юм.
Ардчилсан намын тухайд одоогийн
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэж бичиж байгаа ч хурлын үеэр хүчтэй
өрсөлдөгч тодорхыг үгүйсгэхгүй. Өнөөх Л.Гүндалай үзнэ гээд танхимаас
босоод ирэхийг байг гэх газаргүй. УИХ-ын дэд даргад нэр дэвшиж байгаа
Р.Гончигдорж гишүүн ч магадлалтай эрхэм. Мөн Ерөнхий сайд
Н.Алтанхуягийг дэвшихгүй гэж хэн ч хэлээгүй. Женко Х.Баттулга ч
татгалзахгүй нэгэн. Э.Бат-Үүл дарга ч дуртай байгаа. Тэгэхээр Ардчилсан
нам дотооддоо нэр дэвшигчээ тодруулах сунгаа амаргүй байх болов уу.
Дээр дурдсан эрхмүүдээс Монгол Улсын
тав дахь Ерөнхийлөгч тодорно. Тав дахь Ерөнхийлөгч хэн байхыг ард түмэн
ирэх зургадугаар сарын 26-нд тодруулах учиртай. Ерөнхийлөгчид нэр
дэвшигчдийг өнөөдрөөс энэ сарын 12 хүртэл намууд дотооддоо тодруулж
дуусна.